Сав дүүргэх “СААЛЬ СҮҮ”-г хэрэглэгч ТАНЫ эрүүл мэндэд

“Витафит милк” ХХК нь 2016 оноос сүүний үйлдвэрлэлийн зах зээлд хүч түрэн орж ирсэн бөгөөд өдгөө 100 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Хүүхдүүдийн уух дуртай “Пороро” Гоё сүү, арааны шүлс асгаруулам төрөл бүрийн амттай зайрмаг эднийх. Түүнчлэн уг үйлдвэрээс “Сааль сүү” сүүнээс эхлээд олон шинэ брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар зэхээд байгаа юм.

137 ГРАДУС 

Сүүг удаан хадгалалттай болгохын тулд нөөшлөгч болон химийн бодис хэрэглэдэг үү гэсэн асуултад “Витафит милк” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал доктор (PhD), профессор Ч.Нарангэрэл, Чанарын албаны дарга доктор (PhD) Х.Оюун-Эрдэнэ нар нэгэн дуугаар “Үгүй, хүмүүс яг тэгж боддог” гэж эрс шулуухан хариулж байна. Тэгээд яаж ундны сүүг зургаан сар хүртэлх хугацаанд тасалгааны температурт (0-20оС) хадгалах боломжтой болгодог вэ? Хэрэглэгч та ч гэсэн дэлгүүрээс тетрапак савлагаатай сүүг эргэлзэх зүйлгүй авдаг хэрнээ хадгалах хугацааг нь гайхдаг байх, тийм үү.

Тэгвэл одоо анхааралтай уншаарай. Энэ нь нарийн технологитой холбоотой аж. 

Энд эрүүл малаас саасан чанартай түүхий сүү, UHT-боловсруулалт, тетрапак савлагааны тухай яригдах болно. Тухайлбал, “Сааль сүү” бүтээгдэхүүнийг гэхэд л малчдын гар дээрээс чанарыг нь шалгаж авсан, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан шингэн сүүг үйлдвэрт UHT буюу хэт өндөр температур болох 137 градуст халааж, ариутгадаг байна. Ингэж өндөр температурт ариутгах шалтгаан нь малын түүхий эдээр дамжин хүнд халдварладаг бруцеллёз зэрэг өвчин элбэг учраас ийнхүү үйлдвэрт хэт өндөр 137 градуст ариутгаснаар өвчин үүсгэдэг, үүсгэдэггүй бүх бактерийг нь устгадаг байна.

Нэг үгээр хэлбэл, бүрэн боловсруулалт хийгдэж, хүний эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй, бас аюулгүй болгож буй хэрэг. Ийнхүү хэт өндөр температурт ариутгасан сүүгээ агаартай огт харьцуулахгүйгээр тетрапак буюу битүүмжилсэн саванд савладаг. Тийм болохоор тетрапак савлагаатай сүүг зургаан сарын хугацаанд тасалгааны температурт хадгалж болдог. Задлаагүй бол шүү дээ. Бидний бодож байгаа шиг ямар нэгэн нөөшлөгч болон химийн бодис хэрэглэхгүй зөвхөн энэхүү UHT буюу хэт өндөр температурт халааж, ариутган, савладаг технологид нь хамаг учир нь бий гэдгийг ойлгов. Савлагаа, ариутгалын технологиос  хамаарч зургаан сарын хадгалалттай болгож байгаа гэсэн үг.

Харин малын түүхий сүүний чанарын стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцээгүй, эсвэл хадгалалтын горим зөрчигдсөн сүү нь хэт өндөр хэмийг даахгүй гэдгийг захирал Ч. Нарангэрэл тодотголоо. 

137 градус гэдэг ийм учиртай.

ТЕТРАПАК САВЛАГАА БА ХАТААМАЛ СҮҮНИЙ УЧИР

Хатаамал сүү гэхээр хуурай сүүгээр хийдэг гэсэн үг үү, үнээний шингэн сүү биш үү? гээд. Хуурай сүүг стандартын хэллэгээр хатаамал сүү гэж нэрлэдгийг 2 өөр төрлийн сүү гэж ойлгоод байдаг.Тиймээ, малын шингэн сүү болон хатаамал сүүний аль алинаар нь хийдэг. Гэхдээ жилийн 4 улиралтай, бэлчээрийн мал аж ахуйтай манай улсын хувьд хүн амынхаа шингэн сүүний хэрэгцээг бүрэн хангадаггүй учраас өвлийн улиралд хатаамал сүүгээр тетрапак савлагаатай сүүг  хийхээс өөр аргагүй нөхцөл үүсдэг. Зуны дэлгэр цагт сүү сааль элбэгшиж үйлдвэрүүд тетрапак савлагаатай сүүгээ шингэн сүүгээр хийдэг бол өвөл шингэн сүү ховорддогийг хүн бүр мэднэ.

“Витафит милк” компани гэхэд зундаа өдөрт 60-70 тонн сүү авдаг бол өвөлдөө 10 гаруй тонныг л авах жишээтэй. Тийм болохоор тус үйлдвэр өөрийн  хуурай сүүний үйлдвэртэй учраас зундаа сүү элбэг үед малчдаас бэлтгэсэн үнээний шингэн сүүгээр  хатаамал сүү үйлдвэрлэж нөөцөлдөг. Түүнчлэн импортын хуурай сүүний улсаас хуваарилдаг квотоор тодорхой хэмжээний импортын хуурай сүү ч авдаг. Ингэж ажилласны хүчинд дотоодынхоо сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг хэвийн явуулахад хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Харин эднийх цаасан ууттай, богино хадгалалттай (14 хоног) “Өлзий” брэндийн сүүгээ өвөл ч гэсэн үнээний шингэн сүүгээр үйлдвэрлэдэг байна.

Тэгэхээр эндээс уншигч, хэрэглэгчид маань нэг буруу ойлголтоо засаж авах хэрэгтэй юм. Тетрапак савлагаатай бүтээгдэхүүнд хугацааг нь уртасгах зориулалтаар ямар нэгэн нөөшлөгч болон химийн бодис огт хэрэглэдэггүй гэдгийг. Түүнчлэн “цэвэршүүлсэн ус+үнээний хатаамал” гэсэн тайлбар бичсэн байвал “Өө хуурай сүүгээр хийдэг юм уу” гэх байдлаар өөнтөглөх биш, харин ч бүтээгдэхүүний орц найрлагаа шошго дээрээ үнэн зөв, тодорхой бичсэнд нь олзуурхах ёстой. Учир нь бид нэгдүгээрт, өвөл малын сүү нүдний гэм болдгийг мэднэ. Хоёрдугаарт, сүүний үндэсний томоохон үйлдвэрүүд зуны авсан шингэн сүүгээ дэлхийн жишигт нийцсэн өндөр технологиор хатааж хуурайшуулан нөөцөлдөг гэдгийг хэлсэн. Малын сүүг хатааж хуурайшуулахад зарим витамин нь устаж алга болдог уу гэсэн асуултад “Витафит милк” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ч. Нарангэрэл “Тийм зүйл байхгүй л дээ. Гэхдээ өндөр температурт сүүг халааж боловсруулах үед бага хэмжээний аминдэмийн алдагдал гарна. Малын шингэн сүүг өтгөрүүлж, дараа нь өндөр температурт хуурайшуулж хатаамал сүү үйлдвэрлэх технологи өөрөө маш нарийн байдаг. Хатаасан сүү эргээд усанд уусах чадвар сайтай байх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

Мөн дэлхийн жишигт нийцсэн импортын хуурай сүү зарим талаараа Монголын хуурай сүүнээс илүү чанартай байх аж. Учир нь фермийн аж ахуй хөгжсөн орнуудад үхрийн тэжээллэгийн чанар сайн учраас тэр хэрээрээ чанартай сүү авдаг гэсэн үг.  

“Витафит милк” сүүний үйлдвэрийн хувьд сүүг малчдаас 18 үзүүлэлтээр шинжилж авдаг. Гурван ч төрлийн антибиотикийн тест  үздэг байна.  “Витафит милк” ХХК-ийн Чанарын албаны дарга Х.Оюун-Эрдэнэ “Сүүний шинж чанараас нь хамаарч дараагийн шатны боловсруулалтад оруулахаа шийдвэрлэдэг”. Бид антибиотикийн үлдэгдэлтэй сүү хүлээн авдаггүй. Манай компанид Сүү бэлтгэлийн тусдаа алба байдаг учраас тэд  малчдаас  чанартай сүү цуглуулж, үйлдвэрт хүлээлгэн өгдөг” хэмээв.

Тус компани өнөөдрийн байдлаар хол, ойрын 700 орчим малчинтай хамтран ажиллаж, тэдэнд чанартай тэжээл ашиг нэмэхгүйгээр нийлүүлэхээс гадна сүүний зориулалтын бидоноор урамшуулдаг. Төрөөс малчдыг дэмжиж гурав дахь жилдээ арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үйлдвэрт тушаасан шингэн сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшуулал өгч байгаа аж.

Мөн эднийд сүү нийлүүлдэг малчдад ХААН банкны хөнгөлөлттэй зээл олгогддог байна. Компанийн зүгээс түүхий эдээ  чанартай, тасралтгүй байлгах талаас ийнхүү хичээдэг байна.   

Тэгэхээр эцэст нь тэмдэглэхэд сүүний чанараас гадна зургаан үе давхаргатай тетрапак савлагаа олон давуу талтай. Давхарга бүр нь бүтээгдэхүүнийг чийг, нар, бохирдол зэрэг гаднын нөлөөнөөс хамгаалах зориулалттай. Түүнчлэн хайрцаг нь  бүхэлдээ 30 грамм жинтэй байдаг тул тээвэрлэлтийн зардал багатай. Цаасаар хийгдсэн учраас байгальд хор хөнөөлгүй. Тетрапак савлагаа нь ихэвчлэн тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй тул өрөлт хураалтад хялбар, зай бага эзэлдэг байна. Мөн эднийх 21 аймагт түгээлт борлуулалтын салбартай учраас алслагдсан газарт тээвэрлэсэн ч зуны халуун л биш бол заавал  хөргүүртэй машин шаардахгүй гээд давуу тал ихтэй аж